Хувцас гэж юу вэ?

Deegie Bato デーギー
3 min readApr 20, 2021

--

Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш өөрсдийн биеийн нууц хэсгийг нуун далдлахаас хувцас гэдэг зүйл үүссэн билээ. Хувцас загварын түүхийг судлахад хүмүүсийн өмсөж зүүдэг байсан зүйл тухайн цаг үеийнхээ соёл иргэншилтэй салшгүй холбоотой байсан. Жишээ нь 17, 18-р зууны Барууны орнуудад Барокко Рококко-гийн тансаг хээнцэр соёл үүсэн дэлгэрч, дэлхийн бүхий л гайхалтай урлагийн бүтээлүүд төрж байхад тухайн үеийн хүмүүс эр эмгүй толгой дээрээ том том ганган хиймэл үс зүүж, бүсгүйчүүд нь амьсгалахад тун хэцүү болтлоо корсетоо чангалж, том цагирган төмрүүдээр даашинзынхаа хормойг дэрвийлгэж байсан. Азийн орнуудын хувьд улс бүрийн соёл шингэсэн үндэсний хувцастай ба Япон орны хувьд үндэсний хувцас нь хүн болгоны мэдэх Кимоно ба өдөр тутмын хувцсыг Ёофүкү 洋服 (Европ хувцас) хэмээн нэрлэдэг. Харин эрт үеэсээ нүүдэлчин соёлтой монголчууд бидний хувьд өдөр тутмын хувцсыг өмсөж эхэлснээс хойш 100 гаруй жил болж байна. Харин одоо бол хөгжингүй орнуудын залуусын загварын чиг хандлагатай хөл хийлүүлэн алхах тун ч загварлаг олон залуус, дизайнерууд бий болсноос гадна үндэсний үйлдвэрлэлээрээ дэлхийн хувцас загварын салбарт хүчээ үзэж байгаа газрууд улам нэмэгдэж байгаа нь бахархал төрүүлдэг шүү.

Харин бидний хувьд хувцас загвар нь өдөр тутмын амьдралтай маань хэрхэн холбогддог вэ? Бид өөрсдийн бие галбир, ажил мэргэжлийн онцлог, сонирхол, стиль гэх мэт олон зүйлийг харгалзан үзэж өөрсдийн өмсөх хувцсаа сонгодог. Харин та ямар төрлийн хувцсанд дуртай вэ? Яагаад дуртай вэ? Тухайн хувцсыг анх сонгохдоо юунаас нь болж авсан бэ? Өнгө нь гоё болохоор уу? Материал нь зөөлхөн болохоор уу? Эсвэл тэр хувцсаа өмсөөд өөрийгөө хамгийн гоёор мэдэрдэг болохоор уу? Бид өмсөж буй хувцсаараа өөрсдийнхөө тухай мэдээллийг цаг ямагт өгч байдаг. Зан чанар, сонирхол, үзэл баримтлал гэх мэт. Чухал уулзалтуудад эрч хүчтэй, өөртөө итгэлтэй, харагдуулах хувцас өмсдөг бол сэтгэл санаа таагүй бороотой хүйтэн өдөр том зөөлхөн, урт ханцуйтай ноосон цамцандаа өдөржин нуугдмаар л санагддаг шүү. Мөн эргэн тойрны хүмүүс бидний хэрхэн хувцасласнаар маань цаг ямарт дүгнэж байдаг. Ганган гялалзсан, цэвэрхэн цэгцтэй хувцасласнаар хүмүүс тантай сайхан харьцаж, бохирдуу, өнгө муутай хуучин хувцас өмссөн байвал дэлгүүрийн худалдагч хүртэл дээрэнгүй харьцахыг харна. Япон улсын үйлчилгээний газрууд хүнийг гадаад үзэмжээр нь ялгалгүй харьцангуй адилхан үйлчилгээ өгдөг бол манай улсын хувьд хүнийг гаднах үзэмжээр нь дүгнэн үйлчилгээ үзүүлдэг байдал нь хүчтэй хэвээрээ л байна. Үнэхээр хүнийг харангуутаа байгаа байдал, өмссөн зүүсэнгээр нь хормын төдийд үнэлдэг нь хүмүүсийн гэм биш зан юм даа.

Харин та жил бүрийн загварын шоу, Инстаграммын фэйнш инфлүэнсэрүүд/нөлөөлөгчид/-ийн өмсөж зүүсэн хувцасны трэндийг бид дагах хэрэгтэй гэж боддог уу? Энэ асуултад би Дизайнер хүнийхээ үүднээс “Мэдээж хэрэг тийм!” гэж хэлнэ. Гэхдээ Стив Жобс шиг хувцасны шүүгээндээ нэг загварын 7ш хар хоолойтой цамц, 7ш жийнстэй, өглөө босоод хувцас сонгоход цаг маш бага зарцуулах хүмүүст хувцас загварын трэнд чухал гэж хэлэхэд маш төвөгтэй байдаг. Гэхдээ баттай хэлэх ганц зүйл маань гэвэл таны өмсөж байгаа бүхэн үнэ цэнэтэй, таныг хамгаас илүү тав тухтай байлгадаг, мөн хамгийн сайхан харагдуулдаг тийм л хувцсыг сонгоорой. Орчин цагийн ухамсарт хүмүүсийн хэрэглээ байгальд ээлтэй эко-руу тэмүүлж, заримдаа энэ нь шинэ төрлийн хандлагын “Моод” ч болж байгаа. Та энэ үзэл баримтлалд нэгдсэн нэгдээгүй, хувцасны сонголт хийхдээ хямдхан материалаар, муухан хийцээр хийсэн, хэдхэн өмсгөлийн дараа байгальд хог болдог, үнэндээ хаягдсан ч байгальд шингэдэггүй муу бүтээгдэхүүнээс сонголт хийхгүй байхыг хичээгээрэй.

Чанартай зүйл хэрэглэнэ гэдэг нь тэнгэрт тулсан үнэтэй брэндийн бүтээгдэхүүн гэж хязгаарлагддаггүй, харин тодорхой хэмжээний хугацаанд хэрэглээний ая даах, цэвэр цэмцгэр удаан хугацаанд өмсөхөд яг л анхных шигээ байх бүтээгдэхүүн сонгож байгаарай хэмээн уриалж байна.

--

--

Deegie Bato デーギー
Deegie Bato デーギー

Written by Deegie Bato デーギー

Fashion Designer. Bunka Fashion College. Bunka Gakuen University, Tokyo, Japan.